Pages

Tuesday, December 20, 2011

Р.Чойном Залуу нас

Хөрстийн амьдралд хөл алдсан
Хөлчүүхэн зүрхний минь тольтон дээгүүр
Шувууны сvvдэр шиг дайраад өнгөрсөн
Шунхан улаан залуу нас мину!

Амттан бүхний амтыг мэдэлгүй
Асгаж явсан залуу нас минь,
Өнгөтөн бүхний өнгийг бодолгүй
Үрж явсан залуу нас минь.

Зуны шөнийн нойрыг тоолгүй
Зуун гурван учралыг мөрөөсөж
Зураг шиг охидыг, тэрэг шиг дайрч
Зуурдхан мандсан залуу нас минь.

Өвлийн есийн жаврыг тоолгүй
Өөр хүний авгайд сэтгэп хаяж
Өрхний үзүүр шиг дэрвэж явсан
Өлчирхөн тэнэг залуу нас минь.

Даанч чи минь удсангүй...
Даавуу хүрэм, савхин бээлий хоёр шигээ,
Дассан салсан годон гэзэгтүүд шигээ
Дардан зам дээр үлджээ залуу нас минь!

Улаанбаатарын чулуун засмалаар
Урагшаа, хойшоо, баруун тийшээ, зүүн тийшээ
Дотоод үйлдвэрийн хүнд шаахайг
Долоохон хоногт точийлдож явахдаа

Хүний сайн мууг зүүдлээ ч үгүй
Хүүхэд шиг өссөн залуу нас минь.
Хүүхний сайхныг таниа нь үгүй
Хүүрзгэнэ шиг ниссэн залуу нас минь.

Ангарайтсан нөхөдтэй, үдшийн цагаар
Адуу шиг пижгэнэсэн залуу нас минь
Айлын чийдэн хага чулуудаад
Авирлаж явсан залуу нас минь.

Аавын хүүгийн, шүр шиг хацрыг
Алгадаж явсан залуу нас минь,
Адилхан нөхдийнхөө хамрын цусыг
Асгаруулж явсан залуу нас минь.

Үзсэнээ мартаж, дуулснаа тогтоохгүй
Үүрдийн юм шиг дургиж явахдаа
Үймээнт хорвоогоос, дахиад олдошгүй
Үнэнч ханийнхаа дэргэдүүр өнгөрч

Хоног төдий зуурдхан ханилах
Хотын хүүхний өнгөнд хууртаж,
Ариухан цусаа түүний төлөө
Асгаж явсан залуу нас минь.

Оюутан ахуйн дэврүүн шүлгийн
Онгод цадигаар бялхаж явахдаа
Орчлон хорвоогийн нарийн учрыг
Олчихлоо хэмээн төөрч явсан

Ариунаас ариухан залуу нас минь
Арваадхан жилийн ханилгаатай байжээ.
Халуунаас халуун залуухан цаг минь
Хаврын үер шиг хугацаатай юм санжээ.

Аяа хөөрхий, хүний залуу нас гэж
Авч ч болдоггүй, өгч ч болдоггүй
Хэлгүй байгалийн дуугүй зарлигаар
Хэсэгхэн олддог шагнал юм уу даа.

Бусдын лангуунд энэхуу шагналаа
Бутархай мөнгө шиг тарааж хаясаар
Хүйтэн хорвоод нэг мэдэхнээ
Хүмүүний үр нүцгэрдэг байна.

Сайн ханиас хагацсан хойноо
Санан санан гунихардаг шиг
Болоод өнгөрсөн хойно, залуу насаа
Бодон бодон харуусдаг байна.

Баяртай, залуу зандан нас минь,
Барилдсан гэж бодвол, би ойчжээ.
Уралдсан гэж үзвэл, би хоцорчээ
Арилжаа наймаа хийсэн юм санж гэвэл харин
Атархан биеийнхээ эрүүл мэндийг егч
Алдар, шүлэг хоёрыг чинь авчээ!

Хөрстийн амьдралд хөл алдсан
Хөлчүүхэн зүрхний минь тольтон дээгүүр
Шувууны сүүдэр шиг дайраад өнгөрсөн
Шунхан улаан залуу нас мину! Баяртай!

Эх сурвалж: http://www.biirbeh.mn

Wednesday, November 23, 2011

Эхийн сэтгэл

Эхнэр бид хоёр маш олон жил хамт амьдарч байна. Нэгэн удаа эхнэр минь намайг нэг эмэгтэйтэй үдэш хамт хооллож, кино үзэх санал тавьдаг юм байна. “Энэ хүн чамд надаас илүү хайртай, түүнтэй хамт хооллож, ярих нь түүнийг их баярлуулна” гэлээ. Эхнэрийн санал болгосон үдшийг хамт өнгөрөөх тэр эмэгтэй нь ... ээж минь байв. Эцгээс минь хойш 19 жил ганцаар амьдарч буй эх минь. Бурхан минь, би гэж нэг их чухал хүн, дандаа л завгүй, ажил гэр, гэр ажил гэсээр ээжтэйгээ хааяа л нэг хальт мөлтхөн уулздаг байж. Ээжтэйгээ утсаар ярьж, орой хамт хооллож, кино үзэхийг урилаа. “Яав? Юу болов?” гэж ээж минь их л гайхаж байна. Шөнө орой утас дуугарах, гэнэтийн урилгад хөгшчүүлийн сэтгэл зовж түгшдэг бололтой. Цагийг хамтдаа сайхан өнгөрөөе гэсэн миний санал ээжид таалагдав. Орой ажлаа тараад ээжийгээ авахаар явахдаа сэтгэл ихэд хөдөлж байна. Намайг ирэхэд ээж минь үүдэн дээрээ хүлээж байв. Харваас догдолж буй нь илт.

Үсээ ардаа шууж, хуримынхаа сүүлчийн ойг тэмдэглэхдээ өмссөн даашинзаар гоёжээ. Намайг хараад инээмсэглэж, царай нь баярласандаа гэрэлтэж байлаа.

Машинд суунгаа найз эмгэчүүлдээ хүүтэйгээ хамт явах гэж байгаагаа, ресторанд хооллох тухайгаа дуулгаж, тэдэнтэй баяр хөөрөө хуваалцсанаа ярилаа.

Бид нэг их үнэтэй биш ч тохилог ресторан сонгов. Ээж минь гараас сугадаж, тэргүүн хадагтай шиг л алхана. Ширээнд сууж цэсийг уншиж байхдаа ээж минь намайг хараад ямар нэг юм дурсаж байгааг ажиглав.

-Чамайг багад рестораны цэсийг би чамд уншиж өгдөг байж билээ гэхэд,

- Одоо та амарч, таны өмнөөс би уншъя гэлцэж хөхрөлдлөө.

Хооллож байхдаа бид чин сэтгэлээсээ ярилцав. Онцгой чухал юу ч яриагүй зөвхөн өдөр тутмын жирийн л юм ярилцав. Бид кино үзэхээ ч мартан, их удаан ярилцав. Ээжийгээ хүргэж өгөх замд ээж минь надтай хамт дахиад ресторан явах, гэхдээ өөрөө урих болзлоо хэллээ. Би ч зөвшөөрөв.

Гэртээ харихад ээжтэйгээ хамт байх таалагдсан эсэхийг эхнэр асуув. Санаж байснаас ч илүү гэж би дуу алдлаа.

Хэдэн хоногийн дараа ээж минь зүрхний шигдээсээр нас барав. Бүх юм хурдан өнгөрч би юу ч хийж чадсангүй. Хожим нь би ээжтэйгээ хамт хооллосон ресторанаас нэгэн урилга хүлээн авлаа. Дугтуйг задлахад: “Би чамтай хамт байх үгүйгээ мэдэхгүй байна. Хоёр хүний захиалга өгч төлбөрийг хийсэн. Хүү, бэр хоёртоо зориулав”

“Хүү минь, тэр үдэш надад ямар чухал байсныг чи ойлгохгүй байхаа. Хүүдээ хайртай шүү” гэсэн бичиг гарлаа.

Амьдралд бурхан тэнгэр, гэр бүлээс чухал юм үгүй. Ойр дотныхондоо цаг заваа зориулан харилцаж байгаарай. Боломжтой үеээ хүлээж, хойш бүү тавь. Өнөөдөр маргаашаас илүү.

Тиймээ, өнгөрсөн хойно нь амаа барьдаг юм шүү.

Эх сурвалж: http://www.orloo.info/readfull/family/7834-ehiin-setgel

Monday, November 14, 2011

Хүнд заяасан үндсэн ажил нь ХҮН байх явдал

Богинохон энэ амьдарлаа бид гол гатлах гүүр барьж бусадтайгаа хамт байхын оронд хана хэрэм босгож өөрийгөө бусдаас тусгаарлан ганцаардуулдаг нь дэндүү их юм шиг. Бид өнгөрсөн муу дурсамжаасаа аажим салж, амьдрал бол сайн саар холилдон оршдог гэдэг энгийн үнэнийг хүлээн зөвшөөрөх ёстой ажээ. Гүүр босгоход зориулж болох цаг хугацааг хана хэрэм барих дэмий зүйлд зарцуулахгүй байдаг бол юутай сайхан билээ. Бид бусдадаа сайн сэтгэл, сайхан зангаар хандаж байж л хүн гэсэн мөн чанараа хадгалан л даа. Харамсалтай нь хүн гэдэг амьтан энэ мэт эерэг зан чанараа олон үеийн туршид бага багаар гээсээр ирж. Үнэндээ хүн сүргийн л амьтан юм чинь бусдынхаа тус дэмгүйгээр хэзээ ч урагш ахидаггүй. Бусдын сайхан сэтгэлийн тус дэмгүйгээр амьдарна гэж үздэг хүн их алдаа гаргаж байгаа хэрэг шүү дээ. Гэтэл өөрийг нь л байхгүй бол бусад нь хэцүүднэ гэж хийрхэн бодогч хүн бүүр ч ихээр төөрөлдөн яваа нэгэн ажгуу. Өөрийгөө ертөнцийн хэт төв гэж ойлгох нь дээр өгүүлсэн хана хэрмийг өөртөө барьчихсан нэгэн юм. Ер нь бол хүн хүнээрээ байх л хамгийн сайн зүйл. Жинхэнэ хүнийг юу ч эвдэж чаддаггүй. Мөнгө хүнийг эвддэг гэдэг боловч жинхэнэ хүнийг хэзээ ч эвдэж чаддаггүй билээ. Хэрэвзээ бурхан гэж байдаг бол түүнээс хүнд заяасан үндсэн ажил нь ХҮН байх явдал гэж нэгэн гүн ухаантан хэлсэн нь бий. Хүн хүнээрээ байж, бусдадаа сайн сэтгэлээр хандаж, инээмсэглэл бэлэглэж, бусдаа дагуулах гүүр босгож амьдрах л жинхэнэ амьдрал юм.

Я.Баярбаатар

Thursday, November 10, 2011

Ажил үүргийн хуваарь

Нансийн (Франц) их сургуулийн биологийн лабораторийн судлаач Дидье Дезор хархнуудын сэлэлтийг судлах зорилгоор нэг торонд 6 харх байрлуулжээ. Тус торноос гарах ганц гарц устай бассейнруу хүргэх бөгөөд сэлж байж хүнс, хоолтой тавцанд хүрнэ.Туршилтын явцад харх болгон өөрийн хүнсэнд сэлэхгүй байгаа нь ажиглагдаж. Нэг ёсны ажил үүргийн хуваарь явагдсан байна. Үүнд:
- 2 атаман. Хэзээ ч хоолондоо сэлдэггүй;
- 2 ажилчин. Сэлдэг;
- 1 бие даагч. Зөвхөн өөрийн хүнсэнд сэлдэг;
- 1 гоожуур. Сэлдэггүй.
Хүнс хэрэглэх процесс ингэж явагдаж байв:
- 2 ажилчин хүнсэнд сэлээд хоол авчирдаг;
- 2 атаман 2 ажилчныг авчирсан хоолоо өгтөл нь зодоод хүнсийг нь иддэг;
- Атамануууд цадсан хойно л ажилчид хооллоно;
- 2 атаман хэзээ ч хүнсэнд өөрсдөө сэлдэггүй, зөвхөн зодох үүрэгтэй;

- Бие даагч нилээн чадалтай харх ба өөрийн авчирсан хүнсээ хамгаалж чаддаг;
- Гоожуур хамгийн сул, сэлэхээс айдаг ч юм уу усанд ордоггүй. Түүнийг бүгд зоддог. Бусдын үлдэгдлээр л хооллодог.
Туршилтыг өргөжүүлж ондоо хархуудыг 20 торонд 6 6-аар нь хийхэд яг дээрхийн адил хуваарилалт явагдсан байна.
Цаашлаад, Дидье Дезор (давгүй гар :) 6 атаманыг нэг торонд хийж. Хархнууд шөнөжин зодолдоод, өглөө гэхэд 2 атаман, 2 ажилчин, 1 бие даагч, 1 журын дүр тодорхой болсон байв.

Торонд 6 ажилчныг, 6 бие даагчийг, 6 гоожуурыг хийсэн ч гэсэн дээрх хуваарилалт л явагдсан байна. ө.х. урд нь ямар үүрэгтэй байснаас үл хамаарч эцсийн дүнд нөгөө л хуваарилалт явагдаж буй нь тодорхой болжээ.
Туршилт үүн дээр зогссонгүй - том торонд 200 харх хийж үзжээ. Шөнөжин зодоон болоод өглөө гэхэд 3 харх нөгөө ертөнцрүү аялчихсан байв. Үүнээс: тоо толгой өсөхийн хэрээр түрэмгийлэл, хэрцгийлэл нэмэгдсэн байна. Мөн атаманууд нь доороо орлогчтой болсон ба өөрсдөө ажилчин, журуудыг зодохоо байж (мэдээж орлогч террорыг гүйцэтгэнэ :)
Сонин нь, хархнуудын тархийг судлахад хамгийн их стресс авсан хархууд атаманууд байв. Тэдгээр нь өөрийн статусыг алдахаас, хэзээ нэгэн цагт өөрөө хүнсэнд сэлэх цаг ирэхээс байнга айж байсан бололтой.

Эх сурвалж: http://ganzo79.blogspot.com

Wednesday, November 9, 2011

Далай багш

  • Танд хүн төрлөхтний юу нь хамгийн сонин санагддаг вэ? Гэсэн асуултанд:

“Хүн. Яагаад гэвэл хүн мөнгө олохын тулд бүх л эрүүл мэндээ золиосолдог. Дараа нь эрүүл мэндээ буцаан олохын тулд бүх олсон мөнгөө золиосолдог.

Тэгээд тэр ирээдүйн төлөө яаран өнөөдрөө умартаж орхидог. Үр дүнд нь тэр өнөөдөр маргааш хоёрын алинд нь ч амьдарч чаддаггүй.

Тэр хэзээ ч үхэхгүй юм шиг амьдардаг, тэгээд эцэст нь хэзээ ч амьдраагүй юм шиг үхдэг.” гэж хариулжээ.

Friday, October 28, 2011

“ХҮҮХЭН хүний АРАНШИН”

-Ааваа, би царай муутай юм уу?
-Юууууу? Хэн тэгж байна?
-Бөртэгийн эмээ намайг царай муутай, ааш муутай, аавыгаа дууриасан гэж байна лээ.
-Ааан, тийм үү! Миний газар дээрх ганц сайхан гүнжийг юу гэнэ гэнээ? Би тэр эмээд нь үзүүлээд өгнөө, гайгүй ээ.
-Аав аа, би царай муутай биш, тийм ээ?
-Тэгэлгүй яах юм бэ? Охин минь чи, миний газар дээрх ганц хайртай хүн шүү дээ. Тэгэхээр яаж царай муутай байх юм бэ? Би энэ хорвоод ганц чамд л хайртай шүү дээ, охин минь.
-Тэгвэл чи ээжид хайртай юу?
-Ммм, хайртай байлгүй яах вэ, за хоёулаа хурдхан явъя. Хоцрох нь байна шүү, миний охион!

Энэ бол өнөө өглөө болсон аав охин хоёрын харилцан ярианы гол сэдэв. Миний хамгийн дуртай ажил бол өглөө болгон охиноо хөтлөөд цэцэрлэг рүү нь явах. Энэ хорвоод амьд яваагийн минь учир утга, сайн сайхан бүхний минь эхлэл болсон охиноо хөтлөөд явахаас илүү жаргал гэж байдаг юм уу? Магадгүй, энэ бол миний жаргалтай амьдралын эхлэл байх аа? Нэгэн бяцхан ертөнц гараас минь атгаад намайг энэ хорвоогийн хамгийн хүчтэй, хамгийн чадалтай, хамгийн, хамгийн, хамгийн... бүхний эхлэл гэж бодож явах нь гайхамшиг биш гэж үү? Би чинь охиндоо бурхан шүү дээ!!!

...Аав охин хоёр замдаа хууч хөөрсөөр цэцэрлэг дээрээ ирлээ. Энд тэндгүй уйлж дуулсан “живхтэй” Бурхад. Еэ, базарвааний хумпад.
Охин маань хуучин цэрэг гэсэндээ юу ч болоогүй юм шиг хувцсаа сольж эхлэв. Би ч дагаж уйлж зовоогоогүй охиндоо баярлан /дотроо сэм залбиран/ хувцсыг нь сольж эхэллээ.

Муу аав нь яахав дээ, хувцсыг нь солих гэж нусаа татан ухнатаж байтал охин маань гэнэт,
-Чи яагаад байгаа юм бэ? гэдэг байгаа. Эцэг хүний төрөлхийн зөнгөөр “юу болов, яаав ийв” гээд ийш тийш харлаа. Хажууд нэг муу нус нь унжсан бацаан, над шиг ухнатсан бас нэг ааваас өөр хүн алга аа. Би ч гайхлаа. Охиныхоо өмдийг солиод, улавчийг нь өмсгөж байтал гүнж минь дахиад л,
-Яагаад байгаа юм бэ? гэх нь тэр шүү.

Юу вэ, өнөө муу нус нь гарч ирж хацар дээр нь горхи болон урсаж байгаа бацаан, үдээсийг нь үдэх гэж шуухтниж байгаа аав бид хэдээс нь өөр хүнгүй үед хэн миний охиныг өдөөд байна вэ, “Алив босоод ир, үзэлцье” гэтэл бид хэдээс өөр хүн даанч алга даа, харамсалтай нь...

Би гайхаад охин руугаа харлаа. Гэтэл харин манай хүний нүд нь гялалзаж байдаг байна шүү. Ээ, Бурхан минь, миний охин юу сэтгэсэн юм бол доо? Тэр бандийг харж байгаа охины минь харц нэг л биш ээ...
Би эргэлзэж гайхаад асуулаа.
-Миний охион, энэ хүүхдийг хэн гэдэг юм бэ?
-Эрдэнээ.
-Аан, Танай ангийн хүүхэд юм уу?
-Тийм, шинээр ирсэн юм.
-Аан, миний охин тэгээд танилцсан юм уу?
-Аав аа, Эрдэнээ сайн хүүхэд шүү.
-За тэгвэл их яриатай даа, хө.

...Бурхан минь ээ, та хаана байна аа? Миний дөрөвхөн настай охнны зүрх сэтгэлд ямар гээчийн гал асааж орхиод яваад өгөв өө?

Уг нь мөрөөрөө гутлаа өмсөх гээд зогсож байсан нөгөө банди өөрийн эрхгүй миний охиныг анзаарч эхэллээ дээ. “Сум байндаа тусчээ, янз нь”. Охин маань ч онилсон сумаа байнд нь зоосныг мэдэрсэн мэргэн буудагчийн янзтай ялан дийлсэн харцаар харж байна шүү, wow...

Зүгээр л мөрөөрөө зогсож байхад нь байн байн өдөж хоргоогоод байхаар өнөө нусгай бандийн анхаарал миний муу шар гүнж дээр “туслаа даа”, хөөрхий...
-Аминаа, хоёулаа ангидаа хамт орох уу?
-Аан хаан, хи хи .../ хоёр хүүхэд маань хөтлөлцөөд дээшээ анги руугаа гүйлээ, хоёр аавын ам хагас ангайстай, шүлс шалан дээр, нүд таазан дээр, тэнгэр газар байраа солин эргэлдээд л, эргэлдээд л.../
Уолт Дисней компанийн хийсэн хүүхэлдэйн кинон дээр голцуу эмэгчин амьтад нь л эхэлж өдөөд, хоргоогоод, сээтэндээд, сэртэндээд байдагсан. Хүүхэн хүний араншин гэж тэр юм болов уу? Эсвэл “Бемби” кинон дээр гардагчилан хаврын өвчин эхэлж байгаа нь тэр юм болов уу?
Нээрээ маргаашаас хаврын дунд сар эхэлж байгаа юм байна шүү дээ...


Эх сурвалж: http://soronzon.blog.inet.mn/

Tuesday, October 18, 2011

Хаан индэр лекцээс төрсөн сэтгэгдэл


2011 оны 10-р сарын 13-нд болсон "Хаан индэр" лекц 5 дахь удаагаа зохион байгуулагдсан. Уг лекцийн сэдэв нь "Санаанаас сая сая төгрөг төрдөг" нэртэй агаад уг лекцэнд

  1. "Сэргэн мандалт групп"-ын ерөнхийлөгч Төмөрчулуун
  2. "Миний сүлжээ", "Монхангай групп"-ын ерөнхийлөгч Сэргэлэн
  3. "Монфрэш" Насанхүү
  4. Нийслэлийн 23-р сургуулийн нэг ангийн сурагчид болох Доктор, профессор биологич Түмэнжаргал, Доктор, профессор физикч Ганхуяг, Улс төрч, бизнесмэн Жаргалсайхан нар оролцлоо.
Эдгээрээс сийрүүлбэл:

"Сэргэн мандалт групп"-ын ерөнхийлөгч Төмөрчулуун:

  • Монгол орон бол хайрламаар орон бөгөөд Монголчууд 3 хүчтэй агуу ард түмэн юм
  • Нэг ажлыг баястал, санаандаа тултал хийх хэрэгтэй
  • Ялгаамжаатай санаанаас шийдэл нь чухал байдаг
  • Санаанаас зөв шийдэл үр дүнд хүрдэг
  • Хүн өөрөө том нууц бөгөөд өөрөө өөрийгөө унш
  • Хайраар үл дут
  • Дэлхийгээс хожих
  • Бизнесийн шинэ санаанууд

"Миний сүлжээ", "Монхангай групп"-ын ерөнхийлөгч Сэргэлэн:

  • Том үр дүнг харж байгаад жижиг зүйлийг золиослох
  • Нөхцөл байдлаас эхлээд гарах дараа нь зөв буруугаа хараад эргэх холбоо тогтоох
  • Дорно, өрнийн ялгааг гаргах
  • Сэтгэл гаргаж байгаа хүн золиос хийдэг
  • Золиос хийж байгаа хүн сэтгэл гаргаж байдаг
  • Сэтгэл солилцоо
  • Сэтгэл түрүйвч биш
  • Ажилдаа зүрх, сэтгэлээ өг
  • Сэтгэлийн тэнхээтэй хүнийг баян хүн гэнэ
  • Санаа байж болно үйлдэл хэрэгтэй
  • Бизнесийн шинэ санаанууд

"Монфрэш" Насанхүү

  • Цагаан хувьсал
  • Мал аж ахуй- Уламжлалт ухаан
  • Сүү, сүүн бүтээгдэхүүн
  • Бизнесийн шинэ санаанууд

Улс төрч, бизнесмэн Жаргалсайхан:

  • Яаж бизнес, яаж мөнгөтэй, яаж сайхан амьдрах вэ?
  • Дэлхийгээс хожиж баян болох
  • Хийж байгаа бүхнээсээ аз жаргалыг мэдрэх
  • Байгалийг тооцоолж бизнесийг санаачлах

гэх мэт сэдвийн дор лекц уншлаа.

Уг лекц миний хувид Монгол хүнрүү чигэлсэн маш сонирхолтой, үр өгөөжтэй лекц болсон бөгөөд маш олон мянган залуучууд уг лекцнээс бизнесийн шинэ санаа, санаачлагуудыг соргогоор мэдэрч олж авсан гэдэгт итгэлтэй байна.