Pages

Thursday, January 19, 2012

Мял богдын захиас үгнээс

Авралын дээд багшдаа бишрэлгүй
Авшиг хүртээд юуны тус
Утгын шимийг зүрхэндээ шингээлгүй
Уншилга цээжлээд юуны тус

Бэртэгчин амьдралаас холдолгүй
Бясалгал хийхийн хэрэг юун
Бие сэтгэлээ номхотголгүй
Мөргөл хийхийн ашиг юун

Хүний муулахыг тэсэхгүй бол
Хүлцэл сахилын хэрэг юун
Тачаал хорслыг дарахгүй бол
Тахил мандлын утга юун

Аминч үзлийн хир шингэсэн
Өглөг буян юуны тус
Амьтан бүхнийг эх шигээ бодолгүй
Өндөр суудал юуны тус

Ариун үзэгдлийг сэрж мэдэхгүй
Суварга босгоод юуны тус
Аж төрлөө бясалгал болгохгүй
Цац талбиад юуны тус

Өр зүрхний угаас залбиралгүй
Өргөл бариад юуны тус
Үнэн номыг анхаарч сонсолгүй
Өвдөг сөхрөөд юуны тус

Амьд сэрүүнд нь итгэж бишрэлгүй
Авсанд мөргөөд юуны тус
Найдангуй орчлонд сэтгэл уйдалгүй
Наминчлал үйлдээд юуны тус

Өөрөөсөө илүү бусдыг хайрлалгүй
Өгөөмөр амлаад юуны тус
Нүглийн буртгийг дотроос угаалгүй
Нүүрээ будаад юуны тус

Башир хуурмагийг жигшээ нь үгүй
Шашин номлоод юуны тус
Багшийн үгийг дагах нь үгүй
Шавь нар олшроод юуны тус

Агуулга гээсэн хэлбэрдэл бүхэн
Ашиг болохгүй уршиг болно
Ариун зорилгодоо үнэнч бол
Аливаа дэмийрлээс хол байгтун.

Эх сурвалж: http://www.buddhism.mn/