Pages

Friday, August 26, 2011

Сайн хүнийг таних шинж тэмдэг

Эдгээр бүгдийг Гэвш багш “Зөв амьдрах ухаан” хичээл дээр зааж, ярилцсан бөгөөд би өөрийн ойлгосоноороо л бичив.

Та өөрийгөө элсэн цөлд явж байлаа гэж боддоо. Ус олж уух хэрэгтэй болно. Газар болгоныг малтаад ухаад байна гэвэл хэцүү. Тиймээс ус байгаа газрыг олж тогтоогоод малтвал ус олдох магадлал өндөр, хурдан ч устай залгана. Тэгвэл ус байгаа газрыг хэрхэн таниж мэдэх вэ? Та өөрөөсөө нэг асуугаад үзээрэй.

Ус байгаа газрын шинж тэмдэг нь: Усны шувууд ус байгаа газрын дээгүүр нисэхдээ ямарваа нэгэн шинж тэмдэгийг үзүүлдэг гэнэ. Дээгүүр нь эргэлдэх, дуугарах гэх мэт. Тэр газар баталгаатай устай байдаг гэнээ.

Тэгвэл гал буй газрыг хэрхэн мэдэх вэ? хэмээвээс тухайн газрын дээгүүр утаа суунаглаж байдаг гэнэ. Гал, ус хоёрыг ингэж буй газрыг нь таниж мэддэг бол сайн хүнийг хэрхэн таниж, мэдэх вэ хэмээвээс: (Та өөрөөсөө нэг асуугаад үзээрэй!!! Миний бодлоор бол сайн хүнийг танихын тулд найзлаж, нөхөрлөх хэрэгтэй юм шиг санагдсан. Хүний сайныг ханилан байж мэднэ, хүлгийн сайныг унан байж мэднэ гэдэг үг байдаг шүү дээ. Яг үүнтэй адилханаар)

Сайн хүнийг 4 янзаар танина хэмээжээ

1. Бодгальд нь бус үгэнд нь

2. Үгэнд нь бус утганд нь

3. Утганд нь бус ил, далд утганд нь

4. Ил, далд утганд нь бус тийн мэдэл буюу миний ойлгосоор цаад хэрхэн хэлж буй нарийн сэтгэлээр нь хүнийг таниж мэдэх буй за хэмээжээ.

За ийн хэмээн миний ойлгосоноор бол:

  1. Бодгальд нь бус үгэнд нь хэмээхээр: Тухайн хүний гадна талын өнгө төрхөнд нь бус хэлж буй үгний утганд нь анхаарах хэрэгтэй. Тухай хүн хэдий сайхан төрхтэй, сайн хүн мэт санагдавч хэлж буй үг нь гадаад төрхтэйгээ нийцэхээргүй бол тэгж гадна талдаа сайхан байсаны хэрэг юун.
  2. Үгэнд нь бус утганд нь хэмээвээс: Хэдий сайхан үгийг зогсоо зайгүй урсгаж, зөвлөөд ч байгаа юм шиг, зөвшөөрөөд ч байгаа юм шиг үг хэлж буй боловч авах утгагүй, ойлгох ойлгомжгүй, үлдэх үлдэцгүй бол тухайн хэлж буй үг бүхэн чихний хажуугаар өнгөрдөг шүү дээ. Буруу зөрүү санаа агуулалгүй чин сэтгэлээсээ хэлсэн нэг үгний утга агуулга хичнээн гүн гүнзгий байдаг билээ дээ.
  3. Утганд нь бус ил, далд утганд нь хэмээвээс: Зарим багш нар шавь нараа наанаа гоочилж хэлдэг боловч цаад санаа нь аварч хамгаалах буюу ухаарал хайрлахаар үг хэлдэг. Шууд утгаар нь ойлговол үхэж болохоор хүртэл үг хэлж байдаг. Гол нь цаад утга санааг нь ойлгож багш үүгээрээ надад юу гэж хэлэх гэж байгааг нь ойлгож ухаарах хэрэгтэй юм шиг санагдсан. Ил утгаар хэлсэн үгийг нь шууд хүлээн авч хэрэгжүүлэх хэрэгтэй бол далд утгаар хэлсэн үгийг нь тунгаан бодож хэрэгжүүлэх хэрэгтэй.
  4. Ил, далд утганд нь бус тийн мэдэлд нь хэмээхээр: Тэр хүн хэдийн шууд болон дам утгаар үг хэлж буй боловч ярьж буй чин сэтгэлийг нь ажиглан таниж мэдэх хэрэгтэй.

Энэ л асар их хэцүү юм шиг надад санагдсан. Цаад хүнийг чин сэтгэлээсээ хэлж байна уу? Үгүй юу гэдгийг таниж мэдэхийн тулд их л ажиглаж, мэдсэн ухаан хэрэгтэй юм шиг санагдсан даа. Эгэл жирийн над шиг хүн бол тэгж танихаар эд биш юм шиг байгаа юмаа. Яг энэ хичээлийг заасны дараа би багшаас багшаа тэр хүнтэй ярилцахад “За даа. Энэ хүн ч дээ” гэсэн бодол төрж байвал тэр сүүлийн 4 дэхь сэтгэл мөн үү гэж багшаас асуутал “Бишээ, биш. Тийм амархан сэтгэл, хүнийг таниж мэдэхээр юм биш” гэж хэлсэн. Тэгэхлээр хүнийг таниж, мэдэх ухаанд суралцахын тулд эхлээд өөрийгөө сайн таниж мэдэх хэрэгтэй юм шиг байгаа юмаа. Их л бодож, ажиглаж, өөртэйгээ ажиллах хэрэгтэй юм шиг надад санагдсан.

Багш илүү олон сонирхолтой сайхан зүйл ярьж байсан хэдий ч өөрийн савны хэмжээгээр хутган авч, ойлгосон хэдхэн зүйлээ мартахгүйн тулд ийн сийрүүлэн бичлээ. Миний буруугаас болж утга агуулгын алдаа мадаг ихтэй зүйл бичсэн бол уучлаарай.