Pages

Wednesday, December 22, 2010

Нэг аяга сүү

Хорвард сургуулиасаа ирээд л ямар нэг юм худалдаж өл залгахаар явдаг байлаа. Мэдээж түүний зарах юм хүмүүст тийм ч хэрэгтэй биш болохоор тэр бүр амжилттай биш. Өнөөдөр тийм азгүй өдөр ажээ. Өлсөж ядарсан хүү аргаа барж айлаас идэх юм гуйхаар шийдэж нэг хаалга тогшвол үе тэнгийн хөөрхөн охин хаалга тайлав. Ичиж зовсон Хорвард идэх юмны оронд ус гуйлаа. Харин охин бүхнийг ойлгож байсан тул аяга сүү авчирч өглөө.
Хүү сүүг удаан уугаад кармаандаа байгаа юунд ч хүрэхгүй 10 центээ тэмтрэн хэдийг төлөх вэ? гэхэд охин "Хэрэггүй ээ. Ээж минь хийсэн сайн үйлийнхээ төлөө мөнгө авахгүй байх ёстой" гэж сургасан юм гэжээ. Хорвард чин сэтгэлээсээ талархал илэрхийлээд явлаа. Он жилүүд урсан өнгөрч Хорвард бага сургууль, лицей, их сургуулиа төгсчээ. Цаг хугацаа урссаар л. Алдартай Жонс Хипконсын их сургуулийн доктор Хорвард Келлигийн удирддаг эмнэлэгт нэгэн хүнд өвчтөн иржээ. Бусад эмнэлэг, эмч нар эмчлэх байтугай оношилж чадахгүй аж.
Доктор Хорвард өвчтөний тухай танилцахад багас нас нь өнгөрсөн танил тосгон ... бас мартаагүй нэр ... Өвчтөний өрөөнд үзлэг хийхээр орвол яг мөн. Олон жилийн өмнө өөрт нь усны оронд сүү өгсөн тэр сайхан сэтгэлтэй охин мөн байлаа. Харин өвчинд шаналсан эмэгтэй Хорвардыг хэрхэн таних билээ? Доктор Хорвард түүний төлөө бүхнийг хийжээ. Эцэст нь бүсгүйн амь нас аврагджээ.
Эмчилгээ дуусч эмнэлгээс гарах өдөр тэр эмэгтэйн эмчилгээ хагалгаа үйлчилгээний зардал 10000$ болсныг батлуулахаар докторт авч очвол Хорвард төлбөрийн хуудсан дээр ямар нэг юм бичээд эмэгтэйд аваачиж өгөхийг хүсэв. Ийм эмчилгээ, асар их төлбөрийг мэдэх эмэгтэй айж санаа зовсоор дугтуйг задалбал
Олон жилийн өмнө "Нэг аяга сүүгээр төлсөн" Доктор Хорвард гэсэн гарын үсэг байжээ.

Tuesday, December 21, 2010

Ажлаа дуусгаад намайг хайрлаач

Ээжийгээ гаднаас орж ирэв үү үгүй юу баярлан:
"Ээжээ өнөөдөр манай цэцэрлэг дээр юу болсон гэж бодож байна?"
"Утсаар ярьж байгааг минь харахгүй байна уу?"
Хүн бүрийн хийх дуртай зүйл өөр өөр байдаг. Жишээ нь ээж нь утсаар ярих дуртай, аав нь машинд дуртай. Утас, машины тухай яриа гарч эхэлхэд бүх ажлыг хойшлуулдаг байлаа. Бас гэрт зочин ирэх болоход хүүг хэн нь ч тоодоггүй. Яалтай ч билээ! Ээж нь утсаа хаалаа. Харин дараа нь гал зуухнаас сав суулга, халбага сэрээний чимээ хангинаж эхлэв. Хүү ээжийнхээ дэргэд гүйж очоод хайр хүргэм царай гарган "Ээжээ туслах уу?" гэхэд ээж нь их л нухацтай харсанаа "За хө, чи чинь ямар хэрэг мандуулчихаад ийм сайхан царай гаргаад байна? Одоо чамтай зууралдаж байх цаг алга. Ядарч уналаа."
Ядрах гэж юу юм бэ? Заримдаа тоглож байгаад унтчихад нь эмээ нь гараас нь тоглоомыг нь эвтэйхэн аваад тэврэн оронд нь оруулахдаа "Миний хонгор үр ямар их ядраа вэ! Амтат сайхан зүүд зүүдлээрэй хонгор үр минь!" гэж хэлэн үнсдэг. Хэрэв ядрах нь амтат сайхан зүүд зүүдлэхийг хэлж байгаа юм бол яагаад ээж ядарсанаа хэлэхдээ ийм уур уцаартай хэлж байгаа юм бол?
"Ээжээ, хүн ядрахдаа амтат сайхан зүүд зүүдэлдэг гэсэн. Эмээ тэгж хэлсэн"
"Нам унтаж л байвал тэр амтат сайхан зүүд ч яамай! Ядарч үхлээ!"
Хүү ийм үгэнд маш дургүй байлаа. Ядарсан, ийм юмнаас болж, тийм юмнаас болж ядарсан...
"Ээжээ, таныг ядраахгүй гэсэндээ би танд тус..."
"За за дараа ярья! Өнөөдөр үйлчлүүлэгч ихтэй байсан учраас ажлаа дуусгаж чадсангүй. Аавыг чинь ирэхээс өмнө хоолоо хийх хэрэгтэй байна. За миний хүү явж тогло!"
"Ээжээ та ядарсан гээ биздээ..."
"Тэгээд?"
"Би ч гэсэн тоглосоор байгаад ядарчлаа."
"Тэгээд би яах вэ?"
"Мэдэхгүй..."
Хүү хийж болохгүй зүйлүүдийг сайн мэддэг байлаа. Харин томчууд хийж болох зүйлүүдийг сайн мэддэггүй нь ямар хачирхалтай гээч. Гэтэл гэнэт тог тасарчихав. Ээж "Одоо лаа хаанаас олноо!" гэж ууртай үглэсээр шүүгээ сав онгичиж эхлэв. Жаал хүү буйдан дээр хэвтэн эмээгийнхээ тосгоныг бодож эхлэв.
Хийн дэнлүүний гэрэлд галзуу туулайн үлгэрийг яриулж байсныгаа санан ханан дээр тусах машины гэрэлд эмээгээ дуйраан гараараа туулайн дүрс гаргахыг хичээж байв. Туулайгаа ийш тийш зугаалуулан гүйлгэж хананаас хананд харайлгаж байлаа. Гэвч бяцхан хүү ядарчээ. Булцгар зөөлөн гараа ч татах чадалгүй болтлоо нойрондоо дарагджээ. Хүүгийн гар буйдан даган уналаа.
Тог ирлээ. Ээж нь хүүгээ чимээгүй болсоныг анзааран яаран том өрөөндөө ортол жаалхүү бяцхан хөөрхөн өвдгөө элгэндээ тэврээд нам унтсан байлаа.
Эхийн сэтгэл гэнэт тавгүйтэн ширээн дээрх баланс данс тооцоогоо дургүйцсэн нүдээр харав. Нүдэнд нь харуусал, хайр, өрөвдөл илэрч байв. Хүүгээ сэрээхээс эмээн духан дээр нь үнслээ. Хүү эхийнхээ хайр дүүрэн үнсэлтийг хүлээж байсан юм шиг "Ээжээ ажлаа дуусахаар нь намайг хайрлаарай за!" гэв.
Өөрийгөө хайрлуулахын тулд "цаг авч" байгаа хүүгээ хараад ээж нь мэгшин уйлав.

Saturday, December 11, 2010

Очир огтлогч

Очир огтлогч ном бол миний бодлоор ойлгоход их хүнд, хэцүү ном санагдсан. Би 4-р бүлэгт хүрээд л цааш уншилгүй зогсож байсан санагдаж байна. Харин тэгтэл саяхан их эрдэм мэдлэгтэй, ном унших их дуртай нэгэн сайхан ахтай "Очир огтлогч" номын талаар ярилцсан юм. Эрдэнэбаатар ах "Очир огтлогч" номыг 7-8 удаа уншсан гэж ярьж байна билээ. Хамгийн гол аньсан утгыг нь товчлоод ярихдаа ингэж хэлж байсан:
Хүний сэтгэлийн мөн чанар Очир алмаазтай яг адилхан гэж.
1. Очир тув тунгалаг шинж чанартай. Тув тунгалаг очирыг хэн ч ялгаж харж чадахгүй, мөн хажуу талаас нь хараад ч байна гэж харж чадахааргүй жинхэнэ очир эрдэний шинж чанар энэ ажгуу. Яг үүнтэй адил хүний сэтгэл тув тунгалаг мөн чанартай. Сэтгэлийг энэ байна гээд барих мэдрэх зүйл үгүй билээ.
2. Очир алмааз хаа сайгүй байрладаг. Хаа сайгүй энд тэндгүй шүү. Очир бүхий л зүйлд оролцон тархан байрладаг аж. Жишээ нь балын харандаа, байшин барилганы жижигхэн хэлтэрхий гээд л. Яг үүнтэй адил хүний сэтгэл хаа л бол хаана ч очиж чадна. Жишээ нь та яг одоо ажил дээрээ байгаа бол гэрээ бодох тэрхэн агшинд ээжийнхээ хажууд очиж чадна. Хаа сайгүй байрладаг, хаа сайгүй очиж чаддаг шинж чанараараа очир, сэтгэл хоёрын мөн чанар адилхан.
3. Очир хамгийн хатуу бодис. Очир дээр шилээр ч, чулуугаар ч юугаар ч юу ч зурж үл чадна. Гагцхүү очир дээр очир л зураас гаргаж, зурж чадна. Яг үүнтэй адил сэтгэл дээр сэтгэл л юм зурж, бичих чадвартай аж. Сэтгэл дээр сэтгэл л бичиж чадна өөр юу ч биш шүү.

Та үүнийг нэг сайхан эрэгцүүлэн бодож, тунгаан бясалгаад "Очир огтлогч" номыг заавал уншаад үзээрэй. Сэтгэлийн мөн чанар, мөн бизнесс сэтгэлгээний "Очир огтлогч" ном таньд үр өгөөж, ашиг тусаа өгнө гэдэгт итгэлтэй байнаа.