Pages

Wednesday, September 29, 2010

Эдгээр дүрэм нь хоолонд шунахын эсрэг чиглэж байгаа бөгөөд хэт ховдоглохын сөрөг талыг тунгаан бодох бясалгалд тулгуурладаг

Ерөнхийдөө хоолонд гурван сөрөг тал бий.
  1. Амтшин дурлахын сөрөг талыг бясалгахдаа: хичнээн сайхан үнэр, амттай хоол байлаа ч шүдээр зажиллаж, шүлсээрээ дэвтээсэн хойно бөөлжис шиг болдгийг бодно.

  2. Шингэсэн хоолны сөрөг талыг бясалгахдаа: идсэн хоолны нэгээхэн хэсэг нь шөнө дунд ба түүнээс хойш биеийн эд эс болон шингэдэг. Үлдсэн хэсэг нь баас, шээс болон биеийн доод хэсэгт хуримтлагдаж өдөр бүр гадагшилдаг. Мөн хоолноос олон өвчин үүсдэгийг бодно.

  3. Хоол ирж хайхын сөрөг талыг бясалгахдаа дараах таван зүйлийг бод:
  • Хойноос нь хөөцөлдөхийн гэм: хоол олох, хоолны мөнгөтэй болохын тулд бид халуунд халж, хүйтэнд хөрж зүтгэдэг. Харин түүнийгээ олж чадахгүй бол гуньж гутардаг. Хэрвээ олчихвол алдаж, үрэн таран хийчихвий гэж айна. Тэгээд хадгалж харамлах гэж зовдог.
  • Тангараг тасрах гэм: хоолны төлөө эцэг хүү хоёр ч хоорондоо тэмцэлдэж тангараг тасардаг.
  • Ханахаа мэдэхгүй гэм: хоолоо улам нэмэхийн төлөө хаадаас эхлээд харц хүртэл хоорондоо тэмцэлдэн зовдог.
  • Бусдын эрхэнд ордог гэм: Бусдаар тэжээлгэгчид тэр хүнийнхээ төлөө хэн нэгэнтэй байлдах ч хэрэг гарч зовлон эдэлнэ.
  • Буруу үйл хийх гэм: Хоол олохын тулд бие, хэл, сэтгэлээр гэм хийдэг. Ингээд хожим хийсэн гэм нүгэлдээ харамсан шаналсаар үхэж улмаар муу төрөлд төрнө.

Гэхдээ хоолонд ганц нэг ашиг тус байлгүй яахав. Хоолоор биеийг тэжээн тэтгэдэг. Тиймээс "Зөвхөн амьд явахын төлөө хоолны хойноос хөөцөлдөхгүй. Хүний энэ биеийг тэжээн тэтгэж байгаад ариун журамт амьдралд хүрэн ёстой" хэмээн бодож сурах нь зүйтэй. Өглөг өгөгч, өглөгийн эзэд хуруу хумсаа хугалан байж олсныгоо маш их үр шим горьдон өглөгт өгдөг. Тиймээс тэндийн хүсэл биелээсэй гэсэн бодолтой өгснийг нь хэрэглэж бай. Мөн "Өглөг хайралсан нэгний тусыг бодож, өнөөдөр та миний эд эсийг хоолоор тэтгэлээ хожим би таныг номлолоор тэтгэнэ. Амьтан бүхэнд туслана гэсэн сэтгэлээр бусдаас авч бай" гэж Шантидэва Хураангуй заавар журам номдоо өгүүлсэн байдгийг санаж яв. Басхүү хутагт Нагаржуна Анддаа илгээсэн захидал-даа ийн өгүүлжээ:

Идээ умдаагаа эм гэж санаад

Идэмхий уумхайгаа ерөндөг болго.

Ид бах, сайрхал, бардамнал бус

Энэхэн биеэ л амьдруулан хүрт.

Tuesday, September 28, 2010

Бясалгал

  1. Бясалгалын ерөнхий зүйл
"Бясалгах" гэдэг нь сэтгэлээ байнга зөв дадалд хандуулан, сэтгэлдээ түүнийг тогтоон барьж сурахын нэр юм. Тэр гэхийн тэмдэггүй цаг хугацааны эхлэлээс бид сэтгэлийнхээ эрхээр явж ирсэн бөгөөд түүнийг хэзээ ч захирч байсангүй. Харин сэтгэл маань сэтгэлийн гэм мэтийн хирэнд баригдаж гэм буруу бүхнийг өдөөж, биднээр хийлгэсээр ирсэн. Иймээс сэтгэлээ захирч өөрийн хүссэнээр зөв дадалд хандуулж, улмаар гарын аясаар залах чадвартай болохын тулд бясалгадаг юм.
Гэхдээ санаанд орсоноо бясалгаад байж болохгүй. Бас өөрийн хүссэн зөв дадалд чиглэсэн ч гэсэн хэмжээ, дэс дараалалгүй бясалгал хийвэл зөв дадал төлөвшихөд саад болохоос цаашгүй. Эхнээсээ ийм буруу хэвшил тогтчихвол насан туршийнхаа зөв дадал эзэмших боломжийг сүйтгэж орхино.
Тиймээс аливаа бясалгах зүйлийнхээ хэмжээ, дэс дарааллыг тодорхой тогтоох хэрэгтэй. Ингээд "тогтоосон хэмжээг эвдэхгүй" гэдэг хатуу шийдвэр гарга. Улмаар тогтоосон хэмжээ, дарааллаа хэтрүүлж, багадуулахгүйн тулд санамж, сэрэмж хоёрт тулгуурлах хэрэгтэй.

Monday, September 27, 2010

Хэрхэн унтах тухай

Унтах үедээ дараах 4-н санаа бодолтой байна.
  1. Гэгээн бодол. Хэвтэхийн өмнө сэтгэлдээ гэрэл төсөөлөн бодож, гэрлийн тухай бодолтойгоо унтана. Ингэвэл нойрон дунд ч сэтгэл харанхуйлдаггүй юм.
  2. Нэхэн санах. Унтахаасаа өмнө сонссон, бодсон, бясалгасан номлол, зөв дадал болон хэрэгтэй зүйлсээ эргэж сэргээн сана. Тэгвэл сэтгэл сэрүүн байгаа мэт зөв дадлыг ахин дахин хийдэг. Товчоор хэлбэл унтаж байхдаа ч зөв дадал төлөвшүүлнэ гэсэн үг.
  3. Сонор сэрэмж. Сонор сэрэмжтэй байвал ямар нэг буруу бодол төрсөн ч зоргонд нь алдахгүй хянаж чаддаг.
  4. Сэрэхтэй холбогдох бодол. Сэрэхдээ гурван бодолтой байна. Эхнийх нь ямарч тохиолдолд сэтгэлээ нойронд автуулахгүй хэмээн бодож гөрөөс шиг сэргэг унтах явдал. Тэгвэл нам унтахгүй цагтаа сэрдэг болно. Дараагийнх нь бодол, "Би Буддагийн тогтоосон сэргэг унтах журмыг дагана" гэж өөртөө үргэлж урам өгч, хичээж бай. Тэгвэл Буддагийн тогтоосон арслан мэт нойрсох аргыг өчүүхэн ч эвдэлгүй унтаж сурна. Гуравт нь, "Би сэрүүн үедээ зөв, сайн чанар төлөвшүүлэх гэж их хичээсэн, Маргааш ч мөн үргэлжлүүлэх болно" гэж бод. Ингэвэл зөв дадлаас төрсөн урам зориг гээгдэхгүй. Түүгээр үл барам унтах үед мартсаныгаа сэргээн хөгжүүлэх урам улам бүр нэмэгддэг.
Хэрвээ идэж, унтах энэхүү дүрмийг зөрчихгүй бол амьдралаа хий дэмий үрэх нь багасаж, зөв зүйлд зориулна. Энэ бүхнийг хутагт Асангагийн эх зохиолоос ишлэн авав.

Sunday, September 26, 2010

Зөв хооллох

Зөв хооллохын тулд 4-н дүрэм баримтлана.
  1. Хэт бага идэж болохгүй: Хэтэрхий бага хоолловол өлсөж, сульдана. Улмаар зөв үйл хийх хүчгүй болдог. Тиймээс маргаашийн хоол хүртэл өлсөхгүй байхаар бодож хоолло.
  2. Хэт их идэж болохгүй: Хоолоо ихдүүлбэл ачаа үүрсэн мэт бие хүндэрдэг. Амьсгалахад ч бэрхтэй болж, нойрмоглон нозоорч юу ч хийж чадахгүй. Мөн сэтгэлийн гэмийг дарах чадвараа алдана.
  3. Шингэц сайтай хоол идэх: Шингэцтэй хоол идвэл элдэв хууч хөдлөхгүй. Мөн шинэ зовлон үүсэхгүй.
  4. Буруу санаагүй хооллох: Хооллохдоо ямар нэг ёс жаягийг зөрчихгүй бол таатай мэдрэмж төрдөг.