Pages

Saturday, January 22, 2011

Заяаны ханиа шинжихүй

Манай ахын охин надаас эрэгтэй хүнийг яаж дүгнэж, цэгнэвэл зүгээр вэ гэж асуудаг юм байна. Оюутан охин л доо. Бодвол найз залуутай болох гэж байгаа юм шиг байгаа юмаа. Хэрэг болох болвуу гэж бодоод багшийн хэлсэн үгийг хэлсэн чинь "Мартчих гээд байх юмаа. Та байнга санах газар бичээд өгөөч" гэлээ л дээ. Байнгын байх хаяг бол мэдээж блог :).
За тэгэхээр заяаны ханиа сонгохдоо цөөхөөн 5 зүйл харахад л болох юм билээ.
1. Архи уудаг үгүйг нь мэдэх. Архины уршиг үр дагавар ямар байх нь бол ойлгомжтой шүү дээ.
2. Хэр их ууртайг нь мэдэх. Уургүй хүн гэж байхгүй л дээ. Гэхдээ л хэр их ууртай үгүйг нь мэдэх нь маш чухал гэж байгаа.
3. Хартай үгүйг нь мэдэх. Юу ч болоогүй байхад хардаад байвал өвчин гэж ярьдаг юм билээ хүмүүс. Их хар амьдралыг сүйтгэнэ гэж бодоод байгаа.
4. Нарийн үгүйг нь мэдэх. Нарийн хүнтэй ханилбал за тэгээд ойлгомжтой биз дээ.
5. Хууч өвчтэй үгүйг нь мэдэх. Ясны хууч өвчтэй бол бас хэцүү шүү дээ. Удам угсаагаа бодсон ч тэр.

Ингээд л боллоо. Үүнд хүний эрдэм мэдлэг,эрх мэдэл, баян чинээлэг гэж хэлээгүй байгаа нь нэгийг бодуулж, хоёрыг санууштай мэт. За тэгээд сонин сэтгүүл, ТВ радио, интернэт гээд л уншиж мэдэж нэмэх юм бол зөндөө зөндөө. Гол нь л энэ 5 гэж багшийн хэлсэнийг бодож явдаг юм даа. Хэрэг болж магадгүй юм даа хүмүүст :)

Thursday, January 13, 2011

Сайн бясалгагч


Сайхан бүсгүйчүүд их сайн бясалгагчид байдаг байхаа гэж би бодоод байгаа. Учир нь бясалгал амьсгалаа ажиглахаас эхлээд өөрийнхөө юу хийж байгаа болоод алхах, гишгэх, идэж уух, инээх хөхрөхөө хүртэл ажиглаж, би яаж байна, ямар хариу үйлдэл илгээж байна гэж байнга ажигла гэдэг шүү дээ. Ингээд өөрийгөө ажиглаад ирэхээр хүн их өөрчлөгддөг юм шиг санагдсан. Харин сайхан бүсгүйчүүд бол байнга л өөрийгөө би ямар харагдаж байгаа бол, би яаж байгаа бол гэж байнга л ажигладаг байх. Тэгээд өөрийнхөө сайхныг байнга ажиглан мэдэрч, яавал сайхан харагддагаа мэддэг учираас үргэлж сайхнаараа харагддаг байх. Тэд мөн илүү сайн бясалгагчид болох өндөр магадлалтай бөгөөд бясалгагчид ч байж болох юм. Тэдэнд өөрийгөө тасралтгүй ажиглах хяналтын гэмээр ч юм уу даа камер шиг хянаж чаддаг ухаан байдаг байхаа. Тасралтгүй ажиглах энэ камераа л зөв ашиглавал тэд гайхалтай сайн бясалгагчид байх гэж бодож байна.