Pages

Wednesday, November 23, 2011

Эхийн сэтгэл

Эхнэр бид хоёр маш олон жил хамт амьдарч байна. Нэгэн удаа эхнэр минь намайг нэг эмэгтэйтэй үдэш хамт хооллож, кино үзэх санал тавьдаг юм байна. “Энэ хүн чамд надаас илүү хайртай, түүнтэй хамт хооллож, ярих нь түүнийг их баярлуулна” гэлээ. Эхнэрийн санал болгосон үдшийг хамт өнгөрөөх тэр эмэгтэй нь ... ээж минь байв. Эцгээс минь хойш 19 жил ганцаар амьдарч буй эх минь. Бурхан минь, би гэж нэг их чухал хүн, дандаа л завгүй, ажил гэр, гэр ажил гэсээр ээжтэйгээ хааяа л нэг хальт мөлтхөн уулздаг байж. Ээжтэйгээ утсаар ярьж, орой хамт хооллож, кино үзэхийг урилаа. “Яав? Юу болов?” гэж ээж минь их л гайхаж байна. Шөнө орой утас дуугарах, гэнэтийн урилгад хөгшчүүлийн сэтгэл зовж түгшдэг бололтой. Цагийг хамтдаа сайхан өнгөрөөе гэсэн миний санал ээжид таалагдав. Орой ажлаа тараад ээжийгээ авахаар явахдаа сэтгэл ихэд хөдөлж байна. Намайг ирэхэд ээж минь үүдэн дээрээ хүлээж байв. Харваас догдолж буй нь илт.

Үсээ ардаа шууж, хуримынхаа сүүлчийн ойг тэмдэглэхдээ өмссөн даашинзаар гоёжээ. Намайг хараад инээмсэглэж, царай нь баярласандаа гэрэлтэж байлаа.

Машинд суунгаа найз эмгэчүүлдээ хүүтэйгээ хамт явах гэж байгаагаа, ресторанд хооллох тухайгаа дуулгаж, тэдэнтэй баяр хөөрөө хуваалцсанаа ярилаа.

Бид нэг их үнэтэй биш ч тохилог ресторан сонгов. Ээж минь гараас сугадаж, тэргүүн хадагтай шиг л алхана. Ширээнд сууж цэсийг уншиж байхдаа ээж минь намайг хараад ямар нэг юм дурсаж байгааг ажиглав.

-Чамайг багад рестораны цэсийг би чамд уншиж өгдөг байж билээ гэхэд,

- Одоо та амарч, таны өмнөөс би уншъя гэлцэж хөхрөлдлөө.

Хооллож байхдаа бид чин сэтгэлээсээ ярилцав. Онцгой чухал юу ч яриагүй зөвхөн өдөр тутмын жирийн л юм ярилцав. Бид кино үзэхээ ч мартан, их удаан ярилцав. Ээжийгээ хүргэж өгөх замд ээж минь надтай хамт дахиад ресторан явах, гэхдээ өөрөө урих болзлоо хэллээ. Би ч зөвшөөрөв.

Гэртээ харихад ээжтэйгээ хамт байх таалагдсан эсэхийг эхнэр асуув. Санаж байснаас ч илүү гэж би дуу алдлаа.

Хэдэн хоногийн дараа ээж минь зүрхний шигдээсээр нас барав. Бүх юм хурдан өнгөрч би юу ч хийж чадсангүй. Хожим нь би ээжтэйгээ хамт хооллосон ресторанаас нэгэн урилга хүлээн авлаа. Дугтуйг задлахад: “Би чамтай хамт байх үгүйгээ мэдэхгүй байна. Хоёр хүний захиалга өгч төлбөрийг хийсэн. Хүү, бэр хоёртоо зориулав”

“Хүү минь, тэр үдэш надад ямар чухал байсныг чи ойлгохгүй байхаа. Хүүдээ хайртай шүү” гэсэн бичиг гарлаа.

Амьдралд бурхан тэнгэр, гэр бүлээс чухал юм үгүй. Ойр дотныхондоо цаг заваа зориулан харилцаж байгаарай. Боломжтой үеээ хүлээж, хойш бүү тавь. Өнөөдөр маргаашаас илүү.

Тиймээ, өнгөрсөн хойно нь амаа барьдаг юм шүү.

Эх сурвалж: http://www.orloo.info/readfull/family/7834-ehiin-setgel

Monday, November 14, 2011

Хүнд заяасан үндсэн ажил нь ХҮН байх явдал

Богинохон энэ амьдарлаа бид гол гатлах гүүр барьж бусадтайгаа хамт байхын оронд хана хэрэм босгож өөрийгөө бусдаас тусгаарлан ганцаардуулдаг нь дэндүү их юм шиг. Бид өнгөрсөн муу дурсамжаасаа аажим салж, амьдрал бол сайн саар холилдон оршдог гэдэг энгийн үнэнийг хүлээн зөвшөөрөх ёстой ажээ. Гүүр босгоход зориулж болох цаг хугацааг хана хэрэм барих дэмий зүйлд зарцуулахгүй байдаг бол юутай сайхан билээ. Бид бусдадаа сайн сэтгэл, сайхан зангаар хандаж байж л хүн гэсэн мөн чанараа хадгалан л даа. Харамсалтай нь хүн гэдэг амьтан энэ мэт эерэг зан чанараа олон үеийн туршид бага багаар гээсээр ирж. Үнэндээ хүн сүргийн л амьтан юм чинь бусдынхаа тус дэмгүйгээр хэзээ ч урагш ахидаггүй. Бусдын сайхан сэтгэлийн тус дэмгүйгээр амьдарна гэж үздэг хүн их алдаа гаргаж байгаа хэрэг шүү дээ. Гэтэл өөрийг нь л байхгүй бол бусад нь хэцүүднэ гэж хийрхэн бодогч хүн бүүр ч ихээр төөрөлдөн яваа нэгэн ажгуу. Өөрийгөө ертөнцийн хэт төв гэж ойлгох нь дээр өгүүлсэн хана хэрмийг өөртөө барьчихсан нэгэн юм. Ер нь бол хүн хүнээрээ байх л хамгийн сайн зүйл. Жинхэнэ хүнийг юу ч эвдэж чаддаггүй. Мөнгө хүнийг эвддэг гэдэг боловч жинхэнэ хүнийг хэзээ ч эвдэж чаддаггүй билээ. Хэрэвзээ бурхан гэж байдаг бол түүнээс хүнд заяасан үндсэн ажил нь ХҮН байх явдал гэж нэгэн гүн ухаантан хэлсэн нь бий. Хүн хүнээрээ байж, бусдадаа сайн сэтгэлээр хандаж, инээмсэглэл бэлэглэж, бусдаа дагуулах гүүр босгож амьдрах л жинхэнэ амьдрал юм.

Я.Баярбаатар

Thursday, November 10, 2011

Ажил үүргийн хуваарь

Нансийн (Франц) их сургуулийн биологийн лабораторийн судлаач Дидье Дезор хархнуудын сэлэлтийг судлах зорилгоор нэг торонд 6 харх байрлуулжээ. Тус торноос гарах ганц гарц устай бассейнруу хүргэх бөгөөд сэлж байж хүнс, хоолтой тавцанд хүрнэ.Туршилтын явцад харх болгон өөрийн хүнсэнд сэлэхгүй байгаа нь ажиглагдаж. Нэг ёсны ажил үүргийн хуваарь явагдсан байна. Үүнд:
- 2 атаман. Хэзээ ч хоолондоо сэлдэггүй;
- 2 ажилчин. Сэлдэг;
- 1 бие даагч. Зөвхөн өөрийн хүнсэнд сэлдэг;
- 1 гоожуур. Сэлдэггүй.
Хүнс хэрэглэх процесс ингэж явагдаж байв:
- 2 ажилчин хүнсэнд сэлээд хоол авчирдаг;
- 2 атаман 2 ажилчныг авчирсан хоолоо өгтөл нь зодоод хүнсийг нь иддэг;
- Атамануууд цадсан хойно л ажилчид хооллоно;
- 2 атаман хэзээ ч хүнсэнд өөрсдөө сэлдэггүй, зөвхөн зодох үүрэгтэй;

- Бие даагч нилээн чадалтай харх ба өөрийн авчирсан хүнсээ хамгаалж чаддаг;
- Гоожуур хамгийн сул, сэлэхээс айдаг ч юм уу усанд ордоггүй. Түүнийг бүгд зоддог. Бусдын үлдэгдлээр л хооллодог.
Туршилтыг өргөжүүлж ондоо хархуудыг 20 торонд 6 6-аар нь хийхэд яг дээрхийн адил хуваарилалт явагдсан байна.
Цаашлаад, Дидье Дезор (давгүй гар :) 6 атаманыг нэг торонд хийж. Хархнууд шөнөжин зодолдоод, өглөө гэхэд 2 атаман, 2 ажилчин, 1 бие даагч, 1 журын дүр тодорхой болсон байв.

Торонд 6 ажилчныг, 6 бие даагчийг, 6 гоожуурыг хийсэн ч гэсэн дээрх хуваарилалт л явагдсан байна. ө.х. урд нь ямар үүрэгтэй байснаас үл хамаарч эцсийн дүнд нөгөө л хуваарилалт явагдаж буй нь тодорхой болжээ.
Туршилт үүн дээр зогссонгүй - том торонд 200 харх хийж үзжээ. Шөнөжин зодоон болоод өглөө гэхэд 3 харх нөгөө ертөнцрүү аялчихсан байв. Үүнээс: тоо толгой өсөхийн хэрээр түрэмгийлэл, хэрцгийлэл нэмэгдсэн байна. Мөн атаманууд нь доороо орлогчтой болсон ба өөрсдөө ажилчин, журуудыг зодохоо байж (мэдээж орлогч террорыг гүйцэтгэнэ :)
Сонин нь, хархнуудын тархийг судлахад хамгийн их стресс авсан хархууд атаманууд байв. Тэдгээр нь өөрийн статусыг алдахаас, хэзээ нэгэн цагт өөрөө хүнсэнд сэлэх цаг ирэхээс байнга айж байсан бололтой.

Эх сурвалж: http://ganzo79.blogspot.com

Wednesday, November 9, 2011

Далай багш

  • Танд хүн төрлөхтний юу нь хамгийн сонин санагддаг вэ? Гэсэн асуултанд:

“Хүн. Яагаад гэвэл хүн мөнгө олохын тулд бүх л эрүүл мэндээ золиосолдог. Дараа нь эрүүл мэндээ буцаан олохын тулд бүх олсон мөнгөө золиосолдог.

Тэгээд тэр ирээдүйн төлөө яаран өнөөдрөө умартаж орхидог. Үр дүнд нь тэр өнөөдөр маргааш хоёрын алинд нь ч амьдарч чаддаггүй.

Тэр хэзээ ч үхэхгүй юм шиг амьдардаг, тэгээд эцэст нь хэзээ ч амьдраагүй юм шиг үхдэг.” гэж хариулжээ.