Pages

Tuesday, December 21, 2010

Ажлаа дуусгаад намайг хайрлаач

Ээжийгээ гаднаас орж ирэв үү үгүй юу баярлан:
"Ээжээ өнөөдөр манай цэцэрлэг дээр юу болсон гэж бодож байна?"
"Утсаар ярьж байгааг минь харахгүй байна уу?"
Хүн бүрийн хийх дуртай зүйл өөр өөр байдаг. Жишээ нь ээж нь утсаар ярих дуртай, аав нь машинд дуртай. Утас, машины тухай яриа гарч эхэлхэд бүх ажлыг хойшлуулдаг байлаа. Бас гэрт зочин ирэх болоход хүүг хэн нь ч тоодоггүй. Яалтай ч билээ! Ээж нь утсаа хаалаа. Харин дараа нь гал зуухнаас сав суулга, халбага сэрээний чимээ хангинаж эхлэв. Хүү ээжийнхээ дэргэд гүйж очоод хайр хүргэм царай гарган "Ээжээ туслах уу?" гэхэд ээж нь их л нухацтай харсанаа "За хө, чи чинь ямар хэрэг мандуулчихаад ийм сайхан царай гаргаад байна? Одоо чамтай зууралдаж байх цаг алга. Ядарч уналаа."
Ядрах гэж юу юм бэ? Заримдаа тоглож байгаад унтчихад нь эмээ нь гараас нь тоглоомыг нь эвтэйхэн аваад тэврэн оронд нь оруулахдаа "Миний хонгор үр ямар их ядраа вэ! Амтат сайхан зүүд зүүдлээрэй хонгор үр минь!" гэж хэлэн үнсдэг. Хэрэв ядрах нь амтат сайхан зүүд зүүдлэхийг хэлж байгаа юм бол яагаад ээж ядарсанаа хэлэхдээ ийм уур уцаартай хэлж байгаа юм бол?
"Ээжээ, хүн ядрахдаа амтат сайхан зүүд зүүдэлдэг гэсэн. Эмээ тэгж хэлсэн"
"Нам унтаж л байвал тэр амтат сайхан зүүд ч яамай! Ядарч үхлээ!"
Хүү ийм үгэнд маш дургүй байлаа. Ядарсан, ийм юмнаас болж, тийм юмнаас болж ядарсан...
"Ээжээ, таныг ядраахгүй гэсэндээ би танд тус..."
"За за дараа ярья! Өнөөдөр үйлчлүүлэгч ихтэй байсан учраас ажлаа дуусгаж чадсангүй. Аавыг чинь ирэхээс өмнө хоолоо хийх хэрэгтэй байна. За миний хүү явж тогло!"
"Ээжээ та ядарсан гээ биздээ..."
"Тэгээд?"
"Би ч гэсэн тоглосоор байгаад ядарчлаа."
"Тэгээд би яах вэ?"
"Мэдэхгүй..."
Хүү хийж болохгүй зүйлүүдийг сайн мэддэг байлаа. Харин томчууд хийж болох зүйлүүдийг сайн мэддэггүй нь ямар хачирхалтай гээч. Гэтэл гэнэт тог тасарчихав. Ээж "Одоо лаа хаанаас олноо!" гэж ууртай үглэсээр шүүгээ сав онгичиж эхлэв. Жаал хүү буйдан дээр хэвтэн эмээгийнхээ тосгоныг бодож эхлэв.
Хийн дэнлүүний гэрэлд галзуу туулайн үлгэрийг яриулж байсныгаа санан ханан дээр тусах машины гэрэлд эмээгээ дуйраан гараараа туулайн дүрс гаргахыг хичээж байв. Туулайгаа ийш тийш зугаалуулан гүйлгэж хананаас хананд харайлгаж байлаа. Гэвч бяцхан хүү ядарчээ. Булцгар зөөлөн гараа ч татах чадалгүй болтлоо нойрондоо дарагджээ. Хүүгийн гар буйдан даган уналаа.
Тог ирлээ. Ээж нь хүүгээ чимээгүй болсоныг анзааран яаран том өрөөндөө ортол жаалхүү бяцхан хөөрхөн өвдгөө элгэндээ тэврээд нам унтсан байлаа.
Эхийн сэтгэл гэнэт тавгүйтэн ширээн дээрх баланс данс тооцоогоо дургүйцсэн нүдээр харав. Нүдэнд нь харуусал, хайр, өрөвдөл илэрч байв. Хүүгээ сэрээхээс эмээн духан дээр нь үнслээ. Хүү эхийнхээ хайр дүүрэн үнсэлтийг хүлээж байсан юм шиг "Ээжээ ажлаа дуусахаар нь намайг хайрлаарай за!" гэв.
Өөрийгөө хайрлуулахын тулд "цаг авч" байгаа хүүгээ хараад ээж нь мэгшин уйлав.

No comments:

Post a Comment