Pages

Wednesday, September 29, 2010

Эдгээр дүрэм нь хоолонд шунахын эсрэг чиглэж байгаа бөгөөд хэт ховдоглохын сөрөг талыг тунгаан бодох бясалгалд тулгуурладаг

Ерөнхийдөө хоолонд гурван сөрөг тал бий.
  1. Амтшин дурлахын сөрөг талыг бясалгахдаа: хичнээн сайхан үнэр, амттай хоол байлаа ч шүдээр зажиллаж, шүлсээрээ дэвтээсэн хойно бөөлжис шиг болдгийг бодно.

  2. Шингэсэн хоолны сөрөг талыг бясалгахдаа: идсэн хоолны нэгээхэн хэсэг нь шөнө дунд ба түүнээс хойш биеийн эд эс болон шингэдэг. Үлдсэн хэсэг нь баас, шээс болон биеийн доод хэсэгт хуримтлагдаж өдөр бүр гадагшилдаг. Мөн хоолноос олон өвчин үүсдэгийг бодно.

  3. Хоол ирж хайхын сөрөг талыг бясалгахдаа дараах таван зүйлийг бод:
  • Хойноос нь хөөцөлдөхийн гэм: хоол олох, хоолны мөнгөтэй болохын тулд бид халуунд халж, хүйтэнд хөрж зүтгэдэг. Харин түүнийгээ олж чадахгүй бол гуньж гутардаг. Хэрвээ олчихвол алдаж, үрэн таран хийчихвий гэж айна. Тэгээд хадгалж харамлах гэж зовдог.
  • Тангараг тасрах гэм: хоолны төлөө эцэг хүү хоёр ч хоорондоо тэмцэлдэж тангараг тасардаг.
  • Ханахаа мэдэхгүй гэм: хоолоо улам нэмэхийн төлөө хаадаас эхлээд харц хүртэл хоорондоо тэмцэлдэн зовдог.
  • Бусдын эрхэнд ордог гэм: Бусдаар тэжээлгэгчид тэр хүнийнхээ төлөө хэн нэгэнтэй байлдах ч хэрэг гарч зовлон эдэлнэ.
  • Буруу үйл хийх гэм: Хоол олохын тулд бие, хэл, сэтгэлээр гэм хийдэг. Ингээд хожим хийсэн гэм нүгэлдээ харамсан шаналсаар үхэж улмаар муу төрөлд төрнө.

Гэхдээ хоолонд ганц нэг ашиг тус байлгүй яахав. Хоолоор биеийг тэжээн тэтгэдэг. Тиймээс "Зөвхөн амьд явахын төлөө хоолны хойноос хөөцөлдөхгүй. Хүний энэ биеийг тэжээн тэтгэж байгаад ариун журамт амьдралд хүрэн ёстой" хэмээн бодож сурах нь зүйтэй. Өглөг өгөгч, өглөгийн эзэд хуруу хумсаа хугалан байж олсныгоо маш их үр шим горьдон өглөгт өгдөг. Тиймээс тэндийн хүсэл биелээсэй гэсэн бодолтой өгснийг нь хэрэглэж бай. Мөн "Өглөг хайралсан нэгний тусыг бодож, өнөөдөр та миний эд эсийг хоолоор тэтгэлээ хожим би таныг номлолоор тэтгэнэ. Амьтан бүхэнд туслана гэсэн сэтгэлээр бусдаас авч бай" гэж Шантидэва Хураангуй заавар журам номдоо өгүүлсэн байдгийг санаж яв. Басхүү хутагт Нагаржуна Анддаа илгээсэн захидал-даа ийн өгүүлжээ:

Идээ умдаагаа эм гэж санаад

Идэмхий уумхайгаа ерөндөг болго.

Ид бах, сайрхал, бардамнал бус

Энэхэн биеэ л амьдруулан хүрт.

No comments:

Post a Comment