Pages

Sunday, October 3, 2010

Хамгийн анхны програмист эмэгтэй хүн байлаа


Эрчүүдийг ихэнхдээ ухаалаг гэдэг боловч үнэндээ эмэгтэйчүүдээс ухаалаг биш байх тал бий. Үүний нэгэн нотолгоо бол дэлхийн хамгийн анхны програмист нь эмэгтэй хүн байсан байдаг. Түүнийг Ада Ловлес гэдэг. Тэрээр хамгийн анх програмчлалыг ойлгож анхны програмчлалыг хийж байсан хүн юм. Ада 1815 онд Лондон хотноо сурвалжит гэр бүлд мэндэлжээ. Ээж нь Адаг Шинжлэх ухаан, математикын ухаанаар сургахаар шийдсэн нь энэ салбарт гаргасан амжилтын эх үүсвэр нь болжээ. Тэрээр ээжийнхээ зүтгэлээр маш ухаалаг, математикын ухааны шилдэг боловсорсон эмэгтэй болж өсөн хүмүүжсэн юм. 18 насандаа тэрээр анхны програмчилж болох тооцоолох машиныг бүтээгч эрдэмтэн Чарлез Бэбэжтэй танилцжээ. Түүнтэй танилцсанаас хойш Ада тэдний хүрээлэнд зочлон уг машины талаар хичээнгүйлэн судлаж эхэлсэн аж. Тухайн үеийн хамгийн сүүлийн үеийн ололт болж байсан машины талаар тэрээр судлаж шинжилж шинэ асуудлуудыг гарган тавьж байлаа. Түүний нөхөр Адаг зоригжуулан Чарлез Бэбэжтэй хамтран ажиллахад нь ихээхэн туслалцаа үзүүлдэг байжээ. Чарлез удалгүй "Analytical engine"-ы талаар анхны төсөл гаргасан ба түүнийг нь ойлгосон хэдхэн хүний нэг нь Ада байсан юм. Analytical engine-г програмчлах нь хүний үүрэг байсан ба түүнийг тусгай картаар хийж байсан байна. Өөрөөр хэлбэл, энэхүү машиныг удирдахад урьдчилан бэлдсэн тусгай карт бүтээдэг байжээ. Ада энэ машиныг маш өргөн бололцоотой болохыг ойлгож санах ой болон илүү боломжтойг мэдсэн байна. Ингээд Ада програмчлалыг эхэлсэн ба маш хүнд үйлдлүүдийг алдаагүй хийж болох мөн цаашлаад хөгжим ч тоглох боломжуудыг олж харсан байна. Тэрээр машин нь програмчлалд хэрхэн хандах талаар дэлгэрэнгүй мэдээлэл бичсэн ба цаашлаад програмчлалын шинжлэх ухаанд хэр их хувь нэмэртэйг тодорхойлж өгчээ. Ингээд тэрээр хамгийн анхны програмист тэр дундаа компьютерийн ертөнцөд хөл тавьсан анхны эмэтгэй болж чадсан юм. Ада 36 насандаа хорт хавдараар хорвоог орхисон ба түүнийг аавынх нь хажууд хөдөөлүүлсэн ажээ. 1980 онд түүний дурсгалд зориулан United States Department of Defense өөрсдийн шинэ програмчлалын хэлээ ADA хэмээн нэрлэсэн юм. Дашрамд дурдахад энэ эмэгтэйн зураг "Windows 98" үйлдлийн системийн гарын авлага номын хавтас дээр хэвлэгдсэн байдаг юм.

No comments:

Post a Comment